(Сэрэмжлүүлэх
эргэцүүлэл)
Миний эх
орон хорь биш ердөө л хоёрхон их хөрштэй билээ. Сүүлийн далаад жил урд хил
маань хаалттай бол хойдох нь << нээлттэй >> хойд хилээ эзэнтэй болмогц урдах нь дэндүү << чөлөөтэй >> байсаар ирлээ. Хөөрхий
Монгол минь хойд хилээрээ социализмын материал техникийн бааз гээчийг амжилттай
импортлож дуусмагцаа Ленин багшийнхаа заасан замаар гэрэлт коммунизмдаа очихоо
болин, огт мэдэхгүй догшин барын замаар олон тодотголтой (хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, шударга... гэх мэт) нийгэм байгуулахаар явган таваргаж явна. Энэхүү материал техникийн баазтай
цуг улааны суртал, хамрал коммун, цуст хэлмэгдүүлэлт, хулгайн анчин... ч хамт л
ирсэн. Өөрчлөн байгуулалт хэмээх буун дуугүй хувьсгалынхаа явцад олон жил
түгжсэн урд хаалгаа гэнэт цөм тийрэн картын систем гээч бас нэгэн даваа жин
руугаа хөл нүцгэн орцгоолоо. Наймааны салхинд хаагдах чөлөөгүй савлан байгаа
энэ хаалганы хүрэл хонх зуун зууны түүхийн гашуун сургамжийг сануулан өдрийн
бодол, шөнийн зүүдэнд минь тасралтгүй хангинаж байна. Тухайн үедээ одоогийн
биднээс хавьгүй хүчтэй Манж их Гүрнийг дарлалд нь байгаад уусгачихсан. Бурхны
орон цаст Төвдийг, Монголын минь урд хормойг хүртэл чимээгүй залгичихсан тэр << хүчирхэг >> улстай түншлэн хөл
алдах нь << өөд нь хаясан чулуу
өөрийн толгой дээр >> хэмээсэн хуучны үнэн
үгийг эрхгүй сануулна бус уу? Дотор хүний санаа чинжүү мэт гашуун, төрийн бодлого өмнөө таарсан юуг ч зугуухан л хамаад одно. Манай энэ есөн шидийн нэртэй,
халаасандаа мөнгөтэй, мөнгөгүй пүүсүүдийн эзэд л лав тэдэнтэй наймаа хийж
чадахгүй. Тэд хэзээ нэгэн цагт, магадгүй өнөө маргаашнаас ч юмуу дааж давшгүй
өрөнд баригдаад ирэхээрээ юугаа ч үл хайрлана.
<< Өртэй
хүний өр зөөлөн >> гэдэг өнөөх дотор санаа
тэр цагт ягштал биелж, Монголын их гарын худалдаачид эх орноо ч, тусгаар
тогтнолоо ч, эхнэр хүүхэд, халуун цусаа ч хайрлахаа болино. Монгол улсад минь
өнөөдөр өвгөнтэй архи, өдөн хүрэм, хохимой жинс, хоргой торго, халуун сав,
хилэн шаахай, том жижиг хамтарсан үйлдвэр, тоо томшгүй олон хятад хүргэдээс
ТУСГААР ТОГТНОЛ чухал байна. ТУСГААР ТОГТНОЛ өнөөдөр бүр мэргэжлийн
ерөнхийлөгч, олон нам, эвслийн засгийн газар, Улсын Бага Хурлаас ч эрхэм байна.
САНАЦГААЯ! Хятадууд бидэнд хэдэн метр хамба,
хэдэн луутай үзэг, хэдэн модон савх... ер нь юуг ч үнэгүй өгчихөж чадах л улс.
Үүний хариуд бид хойд их хөршөө газар доогуур ортол муулж, өмнөд их хөршөө
завьжаа цууртал магтаад л өнгөрнө. Хөрин зуун жилийн дараа бид ч байхгүй,
бидэнд өгөөмөр гараа сунгасан өнөөх <<
буянт >> хятад худалдаачин ч байхгүй болно. Хамгийн аюултай нь
бидний үр сад хятад худалдаачны хүүхдийн тэргийг илжиг мэт хөллөн, улаан
тавхайгаараа хар зам алгадаж, өлөн зэлмүүр шогшиж явах бий. Бидний сүжрээд,
сүйд болоод байгаа хятадууд чинь ийм л ягуухан бодлоготой улс шүү. Мах цусны
минь тасархай Өвөрмонголчуудад өндөр их тавилан тохиож эх орон Монголдоо ирвэл
бидний нэгнээ алаад бузар хар хэргээ нуухын тулд цогцсыг нь чулууддаг хатан
Туулаас алгаараа хутган амсаж буйг хөл доор минь хөсөр хөглөрсөн хөх чулуудаас
сахиус болгон авч буйг санацгаая! Биднийг бүх дэлхийн
олон олон Монголчууд хар нүдээ цавчилгүй ширтэн харж байна.
СЭРЦГЭЭЕ! Өнөөдөр бид Япон хэл, дуу сурах гэж хөлөө хугалах шахан
хөөрцөглөж байна. Энэ их туйлшрал эцэстээ юугаар төгсөхийг би хэлж мэдэхгүй нь.
1939 онд Япончууд Халхын голоор эх орон руу минь чухам яах гэж зэвсэглэн
дайрсныг би ер ойлгохоо болилоо. Бидэнд дууныхаа нотыг, үгсийнхээ дүрмийг заах
гэсэн хэрэг үү? Хэрэв тийм бол хундгаа сөгнөн, хуураа хөглөн, найр тавин оруулж
л байхгүй мянга мянган Орос, Монгол хүмүүсийн алтан амийг золиослон хөөж туусны
учир юу вэ? Тэр байлдаанд цусан гавъяа байгуулж ялсныхаа төлөө одон тэмдгээр
шагнагдсан Орос, Монгол олон эрсийг яах вэ? Халхын год босгосон хөшөөнүүд чинь
цөмөөрөө их Наран улсын << дууч >> армийнханд зориулсан дурсгал болж таарах нь уу? << 1939. Наймдугаар сар Халхын гол
>> гэсэн
бичээс бүхий сэлэм далайсан морьтон хүний дүрстэй медалиа яах вэ? Миний энэхүү
асуултад хариулчих хүн байна уу? Өнөөдөр Япончууд Чингис хааны маань алтан
шарилыг олж өгөхөөр Монголын түүхчдийг дагуулан Хэнтий ханыг хэрж байна.
Үнэхээр шарил нь байгаад олддог юмаа гэхэд 200 км-ийн хол зайд << энд >> гэж заавал яана.
Тэд
биднээс тэнэг улс яав ч бишсэн. Заасан тэр газар нь бид аялал, жуулчлалын бааз
шүү юм байгуулчихаад << Бидний ахан дүүс Япон
нөхөд үүнийг нээсэн юм >> хэмээн тайлбарлаж,
олсон хэдэн ногооноо тоолж ядан суух хооронд жинхэнэ шарил дээр нь Япончууд
хамтарсан жижиг үйлдвэр ямар ч үнээр хамаагүй байгуулаад шарилыг нь нүүлгэн
одвол яанам бэ? Өнөөдөр Японд байгуулагдсан Монголын эдийн засгийг судлах
нийгэмлэг бидэнд хэр өгөөжтэйсэн бол? Монгол Японы хооронд хэзээ ч уламжлалт
найрамдал байгаагүй юм. Хоёр орны найрамдал, нөхөрлөл гэдэг нь хоёр ойворгон
архичин тал шил юм хувааж уун, өөр нэгнээ муулахаас огт өөр зүйл биз ээ! Алдсан ч, оносон ч олон арван жил нөхөрлөн жаргал
зовлонгоо чадлынхаа хэрээр хуваалцаж ирсэн Орос андаа учир зүггүй зүхэн << улааныг үзэн урваж, шарыг үзэн шарвах >> нь ёстой уламжлалт найрамдлаа нэгмөсөн нулимж орхисон
увайгүй хэрэг юм. Энэ нь Монголчуудын төрөлхийн араншин яав ч биш бөгөөд бид
хүнтэй нөхөрлөж чаддаггүй улс гэдгээ л бусдад харууллаа. Одоо бидэнд хэн итгэх
вэ? Хоосон чалчиж, нэгнийхээ ганц үгийг өөлөн шүүхэд шилжүүлэн улыг нь
шагайж... өндөр нам ширээ сандал булаалдаж, унасан машиныхаа дугаарын улаан,
цагааныг гайхаж арай ядан << тамын тогоо >>-ныхоо амсарт дөхөн ирсэн нэгнийхээ хормойноос чангааж
суухаас чухал их хэрэг биднийг дуудаж байна. Энэ бол ЭХ ОРНЫХОО ТУСГААР
ТОГТНОЛЫГ ТОЙРОН АРД НИЙТЭЭРЭЭ НЭГДЭН НЯГТРАХ явдал юм. Аль ч намын гишүүн,
ямар ч албан тушаал, хэр бэл бэнчинтэй байг, тэр хамаагүй бүгд л ТУСГААР
ТОГТНОЛ-ынхоо төлөө багцалсан сум шиг, атгаан шагай шиг нэгдэх цаг хэдий нь
боллоо. МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ маслын биш САХЛЫН ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙНА.
Одоо манай улс арван найман аймаг, гурван хот, засаг захиргааны гурван зуу
гаруй нэгжээс бүрдэж буйг хэн ч мэднэ. Гэтэл зөвхөн сүүлийн арван зургаан сард
л улс төр олон нийтийн (нам, эвсэл, холбоо, хөдөлгөөн, нийгэмлэг... гэх мэт) гурван зуу гаруй байгууллага бий боллоо. Үүнээс өмнө ч бас чамлахааргүй
олон байсан нь мэдээж. Барагцаалбал гурван мянган хүнд л улс төр олон нийтийн
байгууллага буюу засаг захиргааны нэг нэгж ноогдож байна. Үүнээс илүү бутрал
гэж байх уу? Манжууд ч, Монголыг минь ингэж хувааж чадаагүй юм. ИЙНХҮҮ БИД
ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ҮХЭЛ, МӨХЛИЙН ИРМЭГ ДЭЭР ТУУЖ ИРЛЭЭ. Энэ гурван мянган
хүмүүсийн сэтгэлийг өөр хооронд нь холбож байдаг үл харагдагч мяндсан утас
шашин, эх оронч үзэл, үндэсний бахархал алга. Нэгэнт л холбох юмгүй болсон
хэсэг бүлэг хүмүүс хэлхээ нь тасарсан эрхи шиг л зүг бүр тийш өнхрөх буюу. Энэ
бүлэг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө л эрх ашгийг улс орны, ард түмний эрх ашгаас
урьтал болгох нь дамжиггүй. Цаг алдвал... Хэрэв нэгдэн нягтарч чадахгүй бол юу
болох нь ойлгомжтой! Аймаар юм. Нөгөө
бүхнийг мэдэгч төр засаг, бүхнийг шинэчилж зөвхөн өөрсдийгөө л үлдээх улаан
хувьсгалчид маань хаачив аа?
Түүхийг
түүхийрүүлэхэд ихэнх нь идэвхийлэн оролцож эрдмийн өндөр зэрэг цол хүртсэн цаг
үеийн түүхчид маань хаачив аа? Амьд л байгаа даа? << Морин жилийн алдар цуутнууд >>-аа << тодруулах >>-ын зэрэгцээ Есдүгээр Богдоо ширээнд нь залж, нийтээрээ
төрийн нэг шашинтай болох, улсынхаа их эзэн хааныг ард түмнийхээ санал, түүхийн
сурвалжийг харгалзан тодруулж, төрийн хувьд нэгэн удирдлагатай болох ажлыг цаг
алдалгүй хиймээр байна. Тэгвэл тусгаар тогтнолын сүр хүчит бэлгэ, тэмдэг хаанаа
тойрон нягтарч, төрийн бодлого тасралтгүй үргэлжлэн энэ их сүйрлээс бага ч
гэсэн ангижарч чадахсан болов уу? Өнөө цаг бол гоо бүсгүй, сайхан залуу, бяцхан
мисс шалгаруулж, тэдний зөвхөн харагдах өнцгөнд нүд сэтгэлээ, хууран омтгойдож
суухын оронд хүүхэд, хөгшидгүй эх орондоо хэр хайртайг нь л дэнсэлж байх
цагсан. Албан тушаал, алдар нэрийн төлөө бус ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ ҮХЭН
ХАТАН ТЭМЦЭХ СҮҮЛЧИЙН ЦӨӨН ЖИЛ ҮЛДЛЭЭ! Зөвлөлтийн шударга
түүхч (Монголын хүндэт иргэн баймаар) Л.Н.Гумилев: << Монгол улс одоо таван
зуун жилийн настай >> хэмээн айлджээ.
Одоогийн улс төр, эдийн засгийн энэ их тогтворгү, томчуудын маань юу ч болоогүй
юм шиг суугаа энэ их << тогтворгүй >> байдал, бидний сэтгэлийн энэ их мөсдалт дээрх хүсэшгүй
ёрын хугацааг тавьхан жил болтол нааш татах нь. Харамсалтай байна! Энэ бол үүдэнд минь тулж ирээд хаалга чанга балаж буй БОДИТ АЮУЛ. Миний
ард түмэн ч ухаанаар хэзээ ч дутаагүй дээдсийн удамсан. УХААРЦГААЯ! Каспаров шатарчны хэлсэн болгон биелээд л байна. Бид түүний хэлсэн үгийг
улайран эсэргүүцэж, занан зүхэцгээхийнхээ оронд дотроо нэгийг эргэцүүлж, дороо
суурьтай бодох байж дээ. Олон сая доллар, буруу номтны шашин, картын бараанаас
өөр бодох зүйл бидэнд бас байна. Энэ бол ердөө л ТУСГААР ТОГТНОЛ. Нэг л мэдэхэд
Монгол минь нэг намын ноёрхолгүй, Цэдэнбалгүй хэрнээ ардчилалгүй, будаатай
шаазан, << Тоёото >> машинтэй хэрнээ тусгаар тогтнолгүй болох вий!!!
МОНГОЛ УЛС МИНЬ МӨНХ ОРШИХ БОЛТУГАЙ!
ЭХ
ОРОНДОО ХАЙРТАЙ БҮХНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ!
Цогзолын Ганхуяг Бодол бодлын хэлхээ
No comments:
Post a Comment